Монгол Улсын гавъяат багш,
хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол,
түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Шинжлэх ухааны академийн
ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, “Толь гэдэг маш хүнд хэцүү, авъяас хөдөлмөр
шаарддаг эд. Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн үг санаанд орж байна. “Толь гэдэг бол
хэцүү ажил. Чинжүү гэдэг халуун ногоо” гэж хэлсэн. Харин уншигч, хэрэглэгчдэд
номын буян, ариун үйлсийн шимийг мэдрүүлдэг зүйл. Тэгэхээр ийм чухал ажилд
хөдөлмөрөө зориулан гаргаж байгаа эрхэм докторт талархал илэрхийлье”
хэмээн ярив.
Номын талаар Монгол Улсын гавъяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор,
профессор Д.Галбаатартай ярилцлаа.-Таны бүтээсэн толь бичгийн онцлог энэ төрлийн онолын эх сурвалжуудаас юугаараа ялгаатай вэ?
-Ер нь миний хувьд уран зохиолын түүх, онол, шүүмжлэл гэсэн гурван боть толь гаргах юм. Энэ бол Монголын уран зохиолын салбарт нэг үеийг төлөөлж байгаа хүний хувьд, миний амыг олон хүн хардаг учраас би ийнхүү тулгуур гурван толь бичнэ гэж зориглож байгаа юм. Мэдээж дараа дараагийн томоохон ажлуудыг эрдэмт шавь нартайгаа хамтарч бичнэ. Өнөөдөр би харин толгой толийг өөрөө бичиж гаргалаа. Толийн маань ганц онцлог, ач холбогдол гэвэл ерөнхийдөө XX, XXI зууны утга зохиолын онолын сэтгэлгээ, өрнө дорнын ололтыг тусгасан. Тэгэхээр бид их олон жилийн турш зөвхөн марксист философид суурилсан утга зохиолын онол, судлалыг дагаж ирсэн. Тэрхүү онол нь хөдөлшгүй үзэл дээр явж байсан. Харин онолын хувьд миний авч үзсэн үзэл баримтлалыг хараад өнөөдрөөс шавь нар маань уран зохиолын онол бодрол бол хязгааргүй юм гэдгийг ойлгож энэ чиглэлд амжилт гаргах болов уу гэж бодож байна.
-Энэ бүтээлийг хэзээнээс эхлэн бичиж дуусгасан бэ?
-Энэ миний 30 жилийн хөдөлмөр. Өрнийн онол үзнэ гэдэг тухайн хэл дээр нь үзнэ гэсэн үг. Тэр нь 1990 оноос өмнө хөрөнгөтний гэгддэг байсан тул уншиж болдоггүй байлаа. Тийм ном зохиол нь ч олддоггүй байлаа. Үүнтэй адилхан дорно дахин ч бидэнд харьцангуй хязгаарлагдмал байлаа л даа. Тухайлбал, хятад, энэтхэгийн уран зохиолд гэхэд үзэл суртал ноёрхож байх жишээтэй. Тийм учраас хуучин социалист системийн үед манай утга зохиолын онол нэлээд ядуу, сэтгэлгээний хувьд хуучин байсан гэсэн үг. Үндсэндээ үүнийг 1990-ээд оноос хойш, ардчилсан нийгэм байгуулж эхэлсэн үеэс эхлэн манай оюутнууд харж, ойлгож, их бага ямар нэг хэмжээгээр ойлгож ирсэн. Харин энэ толь бичгийн хувьд онолын номын хувьд нэг шат ахисан бүтээл болсон гэж хэлэх байна. Тиймээс оюутан, залуус, утга зохиолын салбарынхны харж, баримтлах онолын номуудын нэг байх болов уу гэж бодож байна.
-Энэ толь манайдаа анхдагч гэж ойлгож болох уу?
-Ер нь уран зохиолын онолын нэвтэрхий толь бүтээх талаар манай улсад урьд өмнө хийсэн томоохон ажил байдаггүй. Нэг ёсондоо уран зохиолын онолын анхны нэвтэрхий толь гэж ойлгож болно.
-Монголын уран зохиол биш дэлхийн уран зохиол гэж өргөн агуулгаар хандсан гэж ойлгож болох нь ээ?
-Энэ нь барууны, энэ нь зүүний гэдэг ч юм уу тусгаарласан байр сууринаас бус нэгдмэл өнцгөөр харахыг хичээсэн. Утга зохиол өөрөө нэгдмэл зүйл юм. Хүн төрөлхтнийг нэгтгэдэг нэг салбар шүү дээ. Тэгэхээр үүний үзэл онол нь өөр өөр байж таарахгүй. Тиймээс өөрийн энэ ажлыг уран сайхны соёл түүний сэтгэлгээ, онолын хөгжлийн ерөнхий жишигт хүрсэн толь болсон гэж би зохиогчийн хувьд үзэж байна.
No comments:
Post a Comment