Monday, 30 April 2012

"Нэг л өөр хvн"-ий тухай хөрөг

Зvрхний садантайгаа учирсан минь

1979 онд МУИС-д элсэж нутгийн анд орос хэлний ангийн Ч.Дашдоржтой аж төрөх болов. Тэр хуучин оюутан тул найз олонтой, дээд ангийнхан манай тасгаар орж гарч, шvлэг найраг уншиж, хуучлах. Тэдний дэврvvн яриан дунд "нэг л өөр хvн"-ий нэр vе vе дурдагдана. Дашдоржоос тvvний тухай асуувал "Ирэхээр нь танилцууламз. Уртад явсан" гэж билээ.

"Урт" гэдэг нь намрын ургац хураалтад хоёрынхон тvрvvлж яваад, сvvл мушгиж ирдэг уламжлалыг оюутнууд ийн нэрлэдэг юмсанж. Өдөр хоног ээлжилсээр ч нэртэй олон зохиолч, судлагч төрvvлсэн гэх МУИС-ийн алдарт "нэгдэл" ч цуглардаггvй, мөнөөх "нэг л өөр" залуугийн бараа ч байдаггvй. Угаасаа орон суурин газар дасч, хотших сэтгэлгvй, элдэв зvйл эрээчигч хөдөөгийн надад "амьд" шvvмжлэгчтэй танилцах хорхой байсан хэрэг.

Удалгvй "уртынхан" ирж, оюутны байр, хичээлийн танхимд шуугиан шаагиан ихсээд нэг л өөр болоод явчихлаа. Хичээл ном жигдэрч, шинэ оюутан лекц семинараа ч ялгахгvй дэмий л ном шагайж шогшсоор сар илvv өнгөрчээ. Нөгөө шvvмжлэгчийг vе vе санаж, бас мартсаар явах.
Намрын налгар өдөр сургуулийн vvднээ гэр орноо санагалзсан шигээ хөх пvvшиг уугиулан зогсож байтал дээд ангийн болтой өндөр бор залуу ирээд "Говь-Алтайн Норов зохиолч уу?" гээд гар барьж байна. “Намайг яахаараа... Зохиолч мохиолч ч гэх шиг...” хэмээн бодмоглох зуур:

-Би нэг юм бичлээ. Чи vзээд өгөөрэй гээд дэвтрийн гол цааснаа ар өвөргvй гараар бичиж, тvvнийгээ засч баллаад эх адаг нь ч мэдэгдэхээргvй шахам болсон зvйл өгчихөөд найзуудтайгаа яваад орчихлоо. Нөгөөхийг нь хичээл дээр уншлаа. Нэг залуу зохиолчийн номын шvvмж аж. Утга зохиолын хувьд "дур"-аас цаашгvй хөдөөний хөөдгөр надад бяцхан атаархал харвасныг одоо нуух юун. Мань "шvvмжлэгч" навтаргадаа нэрээ "зоогоогvй" байна. Дараагийн завсарлагаар хайж олоод, навтаргыг нь өгч, яримаар юм байна гэх маягийн юм цухуйлгавал:

-Дараа уулзцагаая гээд яваад өгөв.
-Этгээд нөхөр vv гэсэн шvv юм бодогдож байна...
Нэг орой хичээлээс ирвэл нөгөөх нөхөр, Дашкатай ямар нэг орчуулгын тухай ярилцаж суув. Дашдорж над руу: "За хө нөгөө"... гэтэл, нөгөөх:
-Бид хэдийнээ танил болсон шvv дээ гээд инээж билээ. Энэ бол мөнөөх "нэг л өөр" шvvмжлэгч буюу Д.Галбаатар байсан юмсанж. Бид ингэж танилцсан.

Тvvнээс хойш сайн андууд болж, сургуулийнхаа утга зохиолын нэгдэлд дөрвөн жил бужигнаж дотно нөхөрлөсөн билээ. Тvvнээс хойш 20 гаруй жил уран бvтээлийн замд дөрөө харшуулжээ.
Долоо хоногт нэг удаа цуглардаг дугуйлангийн vеэр бид бvтээл хэлэлцэн, ширvvхэн маргалдана. Ийм vед Д.Галбаатар бусдын яриаг анхааралтай сонсоод төгсгөлөөр нь шиг цөөн боловч нэлээд бодитой онолын шинжтэй vг хэлнэ. Эцсийн дvндээ тэдгээр vгс л маргааны учгийг тайлахуйц ханатай байдагсан. Өдгөө Галаа маань эрдмийн дээд зэрэг, цолтой тэргvvлэх эрдэмтдийн нэг болж өсөхийн хамт биднийг уран бvтээлийн замд өсч өндийхөд тvшиг тулгуур, дотно зөвлөх минь болсоор явна..

Д.Галбаатар тэр vед ирээдvйтэй гэгдэх хэд хэдэн залуу найрагчдын номд ширvvхэн шvvмж хэвлvvлсэн, лут амьтан явсан мөртлөө миний мэт эхлэн бичигчийг тоож, зохиол бvтээлээ харилцан уншилцаж, чин сэтгэлийн нөхөр, зөвлөгч байсанд одоо ч бид хvндэтгэлтэй ханддаг юм. "Нvдээ нээгээгvй ангаахай" мэт бидний молхи толхи vгсийг олон жил тэвчээртэй сонсож суусныг бодоход сvрхий хэрсvv, хол явах хvмvvн байжээ гэх бодол төрдөг юм.

Удалгvй Д.Галбаатарыг нэрт шvvмжлэгч, доктор Ц.Мөнхийн шавь нь гэдгийг мэдсэн. Хожим Ц.Мөнх багш Зохиолчдын хороогоор тааралдах бvрд:
-Цаад нөхөр чинь ойрд юм бичиж байна уу?
-Шvvмж нь гарсан. Уншив уу?
-Бvтээлийн шагналаа Ложоогоос ирж ав гээрэй гэхчилэн тvvнд их анхаарал тавина. Тэр их хvн залгамжлагчаа таньж, итгэл өгч, сэтгэл талбин явсан нь тэр байсан юм билээ. Галаа ч багшийнхаа итгэл горьдлогыг алдаагvйгээр барахгvй "Багшийн эрдэм зогссон газраас шавийн эрдэм эхэлдэг" хэмээх сургаалыг амьдрал дээр харуулсан юм.

Ц.Мөнх багш гөжvvд юм шиг, цөөн эрс vгтэй, хvнтэй ном ярихаараа мэтгэхийг урьтал болгоно. Тухайн vедээ vг нь "нэг л өөр" сонсогддог ч эцсийн дvндээ голыг нь олсон байдаг. Доктор Д.Галбаатар ч яг тийм араншинтай, дөлгөөн тайван, vнэнийг улаан нvvр рvv харж байгаад хэлж чаддаг хvн. Ер нь онолын өргөн боловсролтой, маш сайн бэлтгэгдсэн судлаач, дээр нь судалгаа болон уран сайхны шvvмжлэлийн бvтээл нь сайхан найруулгатай, асуудлын гол чухлыг олж санаагаа цэгцтэй илэрхийлэн, хурц өнгө аястай бичдэг, төрөлхийн шvvмжлэгчийн авъяас билигтэй мэргэжилтэн.

Яагаад ч юм Д.Төрбат, З.Тvмэнжаргал, П.Баярсайхан, Д.Батжаргал, шvvмжлэгч Ц.Энхбат... биднийг эрдмийн зэрэг хамгаал. Мэдлэг мэргэжлээ нэг сайн сэлбээд аваач. Зохиолчийн хөдөлмөр, урлан судлалын чиглэл хэтэрхий хоцроод байна гэж шахаж шаардах. Зарим маань ч сэдэв сонгож байх бололтой. Тэр бусдыг их хvндэтгэдэг, тэр тусмаа өөрөөсөө настай хvмvvс, багш нартаа их дотно хандана. Нуух юу байхав заримдаа хэд гурваараа нийлээд яриандаа халуурч бусдын тухай муу сайн vг унагах vед их таагvй байдаг. Ер нь л оюутны гайхалтай сайхан он жилvvд байлаа.

Нөхрийн сураг

Д.Галбаатар оюутан болохоосоо өмнө анхныхаа шvvмжийг залуу уран бvтээлчдэд тэр бvр олддоггvй "Яргуй" сэтгvvлийн хуудсанд хэвлvvлчихсэн, оюутан ахуйдаа олон уран бvтээлд шvvмж бичиж, эрдэм шинжилгээ-судалгааны арга зvйг сайн эзэмшиж, томоохон судлагч, шvvмжлэгчдийн анхаарлыг татсан мэргэжилтэн болж төгссөн юм. Тvvнд доктор С.Лувсанвандан гоо зvй, С.Дулам уран зохиолын онол зааж, Ц.Сvхбаатар найруулга зvй, А.Шархvv, Н.Төмөрхуяг нар гадаад уран зохиол, ахлах багш Ж.Дагвадорж аман зохиол зааж, доктор Д.Ёндон, Х.Сампилдэндэв, Б.Ганбат, Б.Цэдэв, Ч.Билэгсайхан, Д.Цэнд, Ц.Хасбаатар, Ш.Гаадамба зэрэг ахмад болон тvvний өмнөх vеийн судлагч шvvмжлэгчид маш их урам дэм өгч байсныг бид vргэлж мэдэрнэ.

Мөнх багшийн дараа шvvмжлэл судлалын зөвлөлийн эрхлэгч Ч.Дагвадорж гуай ч тvvнд ихээхэн анхаарал тавьсныг мэдэх билээ. Бас тэнхимдээ багшлахаар болоод хөөр болж явтал Яамны коллегийн хурлаар Ховдод томилсныг ч мэдэх юм. Тэр өөрөөс эс хамаарах нэг "маапаан" орчихсон юм гэж ярих. Харин дараа жил нь би тэнхимдээ багшаар vлдсэн. Ийнхvv найз маань Ховдын Багшийн Дээд сургуулийг "босголцохоор" явсан. Тvvнээс хойш нөхрийн бvтээлийг уншиж, бусдын амнаас сургийг сонсох нь олон болсон доо. 80-аад оны дунд, сvvл хагаст Галбаатар Катуутай хамт Торгууд нутагт шинжилгээний ангиар явна гэнэ. Увсын баяд дөрвөдийн нутагт явна гэнэ, Завханы хотгойд сартуулаар зусах шахаж гэнэ гэж дуулдах..

-Нvдээрээ инээчихээд vргэлж нэгийг сэдэж, төлөвлөж, хэрэгжvvлж явдаг тvvнийг ажил нь амралт, зvдрэл нь цэнгэл болж явах заяанд төрсөн хvн гэж бид хааяа нийлэхээрээ дурсцгаадагсан. Тэгж явж өөрөө ч төлөвшсөн. Бас дуурсах нэр, дуудуулах цол хэргэмтэй, зовхи нь өөдөө олон сайн шавь дагуулсан. Зохиолчдын Онц Их хурлын vеэр "Зvс бvгэг андууд" шvлгийн бяцхан ном зохиолчдын хорооныхны гар дамжиж, нэг хэсэг нь олзуурхан шохоорхож, зарим нэг нь хачирхан шvvмжилж яриа хөөрөө өрнөөд явчихсан.

Тэд Галбаатарын шавь нар гэнэ. Ховдын Багшийн дээдийн оюутнууд юм байх гэлцэх. Мөн "хөрөнгөтний vеэ өнгөрvvлсэн гаж урсгалын шvлэг" гэх коммунист маягийн зэмлэлийн vгс ч унагацгааж л байсан. Бvх юм хуучнаараа "хөлдvv" байсан цаг vе юм даа. Тэдгээр залууст хөрөнгөтний урлагийн гаж нөлөө гэж юу байхсан билээ. Монгол яруу найрагт эртнээс уламжлалтай сэрэл, мэдрэхvйн vvргийг хэт шvтэх өнгө аяс, хандлага л байсан. Энэ vед Галаа шvлгийн чөлөөт хэлбэрийн тухай, уран бvтээлчийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний тухай, уран зохиол урлагт олон урсгал чиглэл зэрэгцэн орших жам ёсны тухай өгvvлсэн хэд хэдэн хурцхан өгvvллээ хэвлvvлээд байсан билээ.

Яг энэ эгзэгтэй эрэл хайгуул, тэсрэлтийн vед залуу уран бvтээлчдийг нөмөр нөөлөгтөө авсан ганц шvvмжлэгч нь миний анд байлаа. Ямар ч гэсэн тvvний урлаг, амьдрал, ертөнцийг "нэг л өөр өнцгөөс" хардаг ухааныг шавь нар нь өвлөсөн нь Монголын утга зохиолд шинэ vзэгдэл, утга зохиол дахь ардчилал, шинэчлэлийн хөдөлгөөний нэг том жигvvр болж төлөвшсөн. Тэд янз бvрийн урсгалуудыг vvсгэж, өдгөө "Мөнгөн vеийнхэн" буюу 1990-ээд оныхны дийлэнх нь тvvний номын шавь нар. Тэд уран бvтээлийн янз бvрийн арга дэгийг барьж бvтээлээ туурвидаг бие даасан томоохон уран бvтээлчид болцгоожээ.

Тэдний дотор орчин vеийн постмодерн чиглэлээс гадна уламжлалт сонгодог реалист чиглэлийг сэтгэлгээ, урлал зvйн хувьд шинэчлэн хөгжvvлэгч зохиолч, найрагчид хамаардаг бөгөөд уншигчдад vнэлэгдсэн нэгэн бvхэл бvтэн vе уран зохиолд байр сууриа эзэлжээ. Үvний vрээр Монголын орчин vеийн уран зохиолын бvх төрөл зvйлийн өнгө төрх, сэтгэлгээ, туурвил зvйд асар том шинэтгэл хийгдсэнийг өдгөө хvлээн зөвшөөрч байна. Тvvний шавь нарын дотроос мөн цөөнгvй эрдэмтэн төрсөн билээ. Энэ бол судлаачийн уран зохиолын ертөнцийг цогцолбороор шинэчлэх vзэл баримтлалын vр хаялга нь байсан юм. Тэд ч бас багшдаа хир халдаах дургvй. Бас Ховдын БДС, МУИС, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд хорь гаруй жил багшилсан гээд олон зуун шавь нарын тухай ч урт яриа vvсгэж болно.

Бvтээлийн тухай хэдэн vг

Профессор Д.Галбаатарын шvvмжлэлийн болон судалгаа шинжилгээний олон талт ажлын онцлогийн талаар би мэргэжлийн нарийн ширийн vнэлгээ өгч дvгнэж чадахгvй биз ээ. Ямар ч гэсэн тvvний уран бvтээлийн өсөлтийг гурван vе болгож болмоор санагддаг. Гэвч нэг наргиантайдуу өчил хэлье. Саяхан би нэг шинэ номыг нь "нухаж" суугаад мань хvнийг бvтээлээр нь гурав хувааж болох юм байна гэж бодов.

Эхнийх нь "ард тvмнээсээ" юм мэдэх гэж хэсэж яваа хавчиг vvрэгтэй "бадарчин". Үvрэгт нь голдуу сонин сэтгvvлийн хайчилбарууд байх. Тэр нь хэвлvvлсэн шvvмжvvд. Учир нь Галаагийн 1980-аад оны бvтээлд нь уран сайхны шvvмж, өгvvлэл зонхилж, нэрт зохиолчдын болон өөрийн vеийн залуу уран бvтээлчдийн зохиолд vнэлгээ өгч алдаа эндэл, ололт амжилтыг оносон шударга, онол гоо зvйн vндэслэлтэй нарийн нямбай задлан шинжилж, тайлбарлаж, vнэлгээ өгөх барил давамгайлж байв.
Харин хоёрдугаар Галаа болохоор хөдөөгийн нэг томоохон хийдийн гавж ламтан байх юм. Чөмгөө дундлахаас буцахгvй зөндөө ном бясалгаж, бас бvтээгээд дамжаа барьчихсан, нэлээд хэдэн эрдэмлэг шавьтай.

Цанид чойрын номд нэвтэрсэн мэргэн гэгддэг хол ойрын нэлээд хутагт хувилгаадтай дагсалдаад гартуулчихсан, тэгсэн мөртөө тэдэндээ хадаг өргөөд шавь орчихсон идэрхэг нэгэн гавж. Ингэж бодож сэтгэлдээ төсөөлөн харж суусны учир бол тvvний 1990-ээд оны бvтээлvvд нь утга зохиол дахь тулгамдсан асуудлууд болон нийгэм-утга зохиолын харилцаа хамаарал, уран бvтээлийн арга найруулга, шинэчлэлийн цаашдын бодлогын чанартай уран сайхны болон шинэ сэтгэлгээний онол арга зvйн чиглэлд асуудал дэвшvvлсэн онолын томоохон өгvvлэл, ганц сэдэвт бvтээлvvд байдгаас тэр юм.

Гурав дахь буюу өнөөгийн Галаа бол хамба байх юм. Завилан суусаар хоёр хонго нь эвэрчихсэн горзгор хөх хамба. Тэр хамба болоод ч таргалсангvй (өөрөө номын хvн тарган байдаггvй гэж цэцэрхэх). Эрдэм гэж хэмжээгvй. Олон сvмбvм ном бvтээчихсэн, тvvнийг нь олон хийдийн их бага шавь цугаар бясалгаж суудаг. Орхимжтой орхимжгvй олон шавь, сvсэгтэн хоёроо ч бараг vл ялгана. Ялгаяа гэж ч боддоггvй, хөх хомоолын vнсээр буйлуулсан шар тамхийг байсхийгээд хамартаа чихээд найтаах ч vгvй, нvд сvvмийлгэн бодлогоширч суух.

Ийн төсөөлсний учир гэвэл тvvний сvvлийн арав гаруй жилд туурвисан бvтээлvvдийг уншиж байхад монгол уран зохиолд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлага, хувьслын ололт, дутагдал, vр дvнг нэгтгэн дvгнэсэн эрдэм шинжилгээний томоохон бvтээлvvдээ туурвиж, ялангуяа монгол уран зохиолын судлалд бvрхэгдсэн, орхигдсон, будлиантсан, хориглогдсон, хэлмэгдсэн онол тvvхийн ээдрээтэй зангилаа асуудлуудад анхаарлаа хандуулж гvнзгийрvvлсэн явдал юм.

Д.Галбаатарын шvvмж, өгvvлэл, ном зохиол, ганц сэдэвт эрдэм шинжилгээний зохиолууд, хурлын илтгэл хvртэл содон сонирхолтой асуудлыг хөндөж, шинэ онол арга зvй ашигласан олон талтай байдаг учраас эрдэмтэд, шvvмжлэгчдийн анхаарлыг ямагт татаж маргаан мэтгэлцээнд дуудаж, заримдаа бvр хэрvvл хэлцэл мэт хурцдаж ил далд сайшаал, муушаал хоёрын "туйлд" хуваагдах нь байдаг. Энэ бvхнийг нь мэдэх бvрдээ "Болжээ, муу нөхөр минь хvчтэй, цог хийморитой л явна даа" гэх сэтгэлийн омгорхол төрдөг байлаа.

Ялангуяа судлаачийн 1990-ээд оноос хойш бичсэн "Эрс эргэлтийн босгон дээр", "Энэ хэдэн хvvхдvvдийн "турсагыг хуулахгvй" юмсан", "Ав хоморго бvхэн "аллага" байдаг", "Гvехэнээс гvнээ дэвшихийн vлгэр", "Өрөөсөн жигvvртэй шувуу нисч vл чадмой", "Хуучин цагийн "Толь Гэндэн" буюу орчин цагийн "Улаан шувуу"-ны жиргээ", "Шоовдорлогдсон салбарын дvр зураг, хувь заяа", "Залуу яруу найрагчид vндэснийхээ уламжлалыг vгvйсгэж байгаа нь vнэн vv" зэрэг олны анхаарлыг татсан шvvмжлэлийн өгvvллvvд Монголын утга зохиолын ертөнцийг хөдөлгөөнд оруулсан билээ.

1989 оны зун Зохиолчдын хороон дээр халтихан уулзахдаа “Өнгөрсөн жил Москвагийн Их сургуулийн онолын тэнхимд нэг жил боллоо. Нөгөө мундаг А.Гаспаров, П.А.Николаев, Г.Н.Поспелов гуай нар чинь тэнд байдгийм байна. Намар Горькийн сургуулийн Дээд курст явах боллоо. Шалгалтад тэнцсэн” гэж хуучлаад, миний "Тэжээвэр" туужийг дэлгэрэнгvй задлан шинжилсэн 20 шахам хуудас том өгvvлэл өгөөд:

-Хөдөөний намайг тоож харах хvн байхгvй. Чи vvнийг хэвлvvлчихийг бодоорой. Найз нь хөгшчvvлтэйгээ хэд хоноод явах минь. Паспорт, виз гээд амьсгаа дээр явсан. Тэр шvvмжийг би одоо ч хэвлvvлж чадаагvй, хадгалж л явдаг юм. Энэ vед "Уран зохиолын онолын vндсэн ойлголтын товч тайлбар толь" (Ховд.анхдугаар хэвлэл. 1988), "Гэгээн алсад одох юмсан" (УБ.1989 Ц.Энхбат, До.Цэнджав нарын хамт) хэмээх анхныхаа номуудаа хэвлvvлсэн байв.

Тvvнээс хойш нөхрийн сураг Москвагаас сонсдох болов. Горькийд сурч, бас монгол туургатны уран зохиол, монгол бичгийн хичээл заадаг ч гэх шиг, Петербург, Варшавын Их сургуулиудад мэргэжил дээшлvvлсэн гээд... Монголын нэр хvндтэй сонин сэтгvvлд өөрчлөлт шинэчлэлийн асуудлаар томоохон өгvvлэл шvvмжvvд нь ойр ойрхон нийтлэгдэж эрч хvчээ авч байгааг би зөнгөөрөө мэдэрч байлаа. Сургуулиа төгсөөд МУИС-д багшлах болсноор бид дахин ойр аж төрөх болов.

Энэ он жилvvдэд дэд докторын зэрэг (1993) хамгаалж, "Монгол дууль" (1995), "Хөөрөлдөөн" (1995), "Үгийн урлагийн ертөнцөд хийсэн тэмдэглэл" (1996), "Эрс эргэлтийн босгон дээр" (1997), "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" (нэмэн засварласан II 1993, III хэвлэл. УБ-Сөvл 1995), "ХХ зуун-Модернизм-Сонгодгууд" (Дээд дэвтэр.1996), "Х1Х зууны төгсгөл ХХ зууны эхэн vеийн Оросын модернизм" (Доод дэвтэр. 1997) их сургуулийн оюутанд зориулсан хоёр дэвтэр томоохон сурах хэвлvvлж, "Монголын орчин vеийн уран зохиолын тvvх"-ийн гуравдугаар ботийг зохиолцон, тvvний удирдлагаар Америкийн Р.Уэллик, О.Уоррен нарын "Уран зохиолын онол" (1999) хэлбэр судлалын тулгуур бvтээлийг орчуулж хэвлvvлсний зэрэгцээ хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэргийг "Монголын уран зохиолын аргын судалгаа" (1999) сэдвээр хамгаалсан нь яах аргагvй бяр хvч тэгширсэн томоохон эрдэмтэн болж төлөвшсөнийг харуулсан билээ.

1990-ээд оны сvvлчээр Токиогийн Гадаад судлалын их сургуульд уригдан ажиллаж байхад нь ч шvvмж, өгvvллvvд нь тасралтгvй нийтлэгдэж, маргаан мэтгэлцээн дэгдэн, шинэ vзэл онол барьж байгаа нь илт мэдрэгдэж, утга зохиолын судлал шvvмжлэл хөдөлгөөнд орж, өөрийн гэсэн эзэн оронтой болж байгааг би маш сайн мэдэрч байлаа. Японд ажиллах хугацаандаа туурвисан "Монголын уран зохиолын онол тvvхийн зангилаа асуудлууд" (2001), амьдралынх нь 20 гаруй жилийн vйл бvтээл болсон "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" (нэмэн засварласан 1Ү хэвлэл. Токио. 2002) хэмээх эрдэм шинжилгээний дорвитой том бvтээлvvд нь 2001, 2002 оны шvvмжлэл судлалын номинацид дараалан тэргvvлж, "Алтан өд" шагналыг хvртэх нь тэр.

Тэргvvн ном бол монгол аман зохиолыг хуучин уран зохиолтой, социалист реализмыг социалист бус реализмтай нь, урд одоогийн олон "изм"-ийг модернизмтэй цөлбөн судлаад, ул мөрийг нь Монголын аман ба бичгийн уран зохиолын эрт vе рvv хөөж тодруулсан сонирхолтой бvтээл юм. Харин "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" хэмээх онол, шинжилгээний жинтэй бvтээл нь эрдэм шинжилгээний ажлын төдийгvй бvх шатны сургалтын vйл ажиллагаанд өргөн ашиглагддаг хамгийн нэртэй, эрэлттэй ном болжээ.

Эл хоёр номын талаар Япон, Солонгос, Хятад, Орос болон манай тэргvvлэх эрдэмтэд өндөр vнэлж, өдгөө уран зохиолын судалгааны ажилд байнга иш татдаг тулгуур бvтээлийн нэг болжээ. Ер нь тvvний бичсэн ном бvр нь ямар нэг шагнал хvртдэг нь тvvний шvvмжлэл, судлалын ажлын шинэлэг сэтгэлгээ, арга барил, vзэл онолтой холбоотой гэж би боддог. Япон, Солонгос, Англи, Орос, Хятад хэлээр эрдэм судлалын бvтээлvvд нь хэвлэгджээ. Миний нөхрийн "нэг л өөр" байр суурь, vзэл санаа, онол эшийн биелэл бvрийг нийгмийн оюун санаа ийнхvv өөрийн эрхгvй алгаа дэлгэн авсаар л байна... Би хувьдаа Төр эрдэмтнээ тэврэн vнсэнэ гэдэгт итгэж байна.

Төгсгөх хэдэн vг

Бид хоёр нөхөрлөөд 25 жил болжээ. Хэн хэнийхээ яс чанарыг таньж, ханшийг нээсэн олон ч сайн муу vйл хэрэгт оролцлоо. Д.Галбаатар маань өнгөндөө эрс, ясандаа бол их уяхан, vг нь хатуу, чанар нь зөөлөн, vйлэндээ vнэнч, зорьсондоо хэт шаргуу л хvн. Ийм хvнтэй нөхөрлөхөд хэнд ч бол ухаан хэрэгтэй гэж би боддог юм. Тэр манай утга зохиол, тэр тусмаа орчин vеийн уран зохиолын судлал шvvмжлэлийн салбарын тэргvvлэх мэргэжилтний нэг гэдэгт хэн ч эргэлзэхгvй. Тvvнд эрдмийн дээд зэрэг, цолоос гадна утга зохиолын ертөнцөд асар их нөлөө, нэр хvнд хуримталжээ.

1980-аад оныхон буюу Бид тvvнийг хvндэтгэдэг. Бас тvvний араас Монголын утга зохиолын 1990-ээд оныхон хэмээх бvхэл бvтэн "залуу арми" жагсаж явна. Тийм учраас нөхрөө vнэлсэн хэдэн vг маань цаашдын ажил vйлд нь урам дэм болох нь юуны магад хэмээн мунхаглаж энэ тэмдэглэлээ биччихээд "хаа нэгтээ хэвлvvлнэ" гэж "хариу барихаар" шийдлээ. Галаа доктор над шиг хадгалаад vлдэж мэдэх хvн. Тэр хийж бvтээх ид насан дээрээ явна. Хийсэн бvтээснийг нь чамлах арга алга.



Төрийн шагналт зохиолч Далхаагийн НОРОВ

1 comment: