Monday, 30 April 2012

Энэ цагийн уран зохиолын нэвтэрхий бичиг


Уран зохиол гэж юу вэ гэсэн үлэмж том асуудлаас эхлээд хосмолжин өлмий гэж юу вэ гэсэн жижиг асуулт хүртэл хариу өгсөн “Уран зохиолын онол” нэвтэрхий толь таны өмнө дэлгээстэй байна. 1978-1983 онд МУИС-ийн оюутан байх цагаасаа уран зохиол судлал, шүүмжлэлийн үйл хэрэгт сэтгэл шулуудан орсон, улмаар М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст мэргэжил дээшлүүлэн, “Уран зохиол” хэмээх их айлын тогоонд гучаад жил буцалсан, мөн төдий жил их, дээд сургуульд уран зохиолын онолоор лекц унших ажилд гаршсан, энэ шавийнхаа “Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь” (1989) хэмээх бэсрэг толиос нь эхлэн түүний нөр их хөдөлмөр хэчнээн жил, хэрхэн үргэлжилснийг биечлэн мэдэх хүний нэг нь миний бие билээ.

Нэн ялангуяа сүүлийн хэдэн жил, өдөр шөнө, өглөө үдшийг умартан цахимлуурын товч шажигнуулж, нүд, бие, сэтгэлээ чилээснийг манайхан цөм ажиглаж байсан байх аа. Заримдаа онолын тодорхой сэдэв, нэр томьёоны асуудлаар тэнхимдээ болон түүнээс гадна ч гэсэн “бяцхан маргаан” өрнүүлж, хүн хүний санааг сонсдог байлаа. Одоо түүний энэхүү бүтээл нэгэнтээ өндөрлөж, Монгол улсдаа анх удаа уран зохиолын хамгийн том нэвтэрхий толийг туурвилаа. Өөр бусад газар бол бүхэл бүтэн эрдэм шинжилгээний хүрээлэн хийдэг ажил шүү дээ. Монголын сэхээтэн бидэнд цаанаасаа оногдсон хувь ерөөл нь энэ. Хүн цөөтэйн шалтгаанаар нэг хүн наанадаж найм, есөн хүний хийх ажлыг амжуулах хэрэгтэй болдог. Түүнийгээ өөрсдийн үүрэг юм шиг сэтгэж, үнэ хөлсний төлөө биш, үнэн журмын төлөө зүтгэдэг хүмүүсийн нэг нь манай профессор Д.Галбаатар билээ. Чингэхдээ энэхүү нэвтэрхий тольд урьд өмнөхөөс хэд хэдэн давуу тал бий. Миний хувиас цохон үнэлүүштэй нь энэхүү нэвтэрхий бичигт уран зохиолын онолын хамгийн сүүл үеийн, олон урсгал чиглэлийн, өрнө дорнын сэтгэлгээний ойлголтуудыг нэгтгэн багтаасан билээ.
Уран зохиолын онол бодрол маань өөрөө Өрнө дахинд Аристотелийн үеэс, дорно дахинд өөр өөрийн сэтгэгчдийн туурвилаар боловсрон олон үе зууныг элээж, хамгийн сүүл үест модернизм, постмодернизмын давалгааг гэтлэн ирсэн хүмүүний хийсвэрлэх бодол сэтгэлгээний нэгэн чухал салбар билээ. Онолын маргаан дунд зарим үзэл ойлголт нь хуучран шинэ шинэ үзэл төсөөлөл төлөвшин тогтсоор манай үед хүрч ирсэн болохоор тэр болгоныг тогтоон толилуулахгүйгээр нэгэн цогц ойлголт олж авахад бэрхшээлтэй юм. Манай их дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, багш, профессоруудад ийм онолын цэгцтэй ойлголт олж авах, лавлагааны эх хэрэглэхүүн үгүйлэгдсээр байсныг профессор Д.Галбаатарын энэхүү бүтээл нөхөж чадлаа.
Хянан найруулагчийн хувиар уншиж үзэхэд ийм нэгэн зүйл дутжээ гэх юмыг олж  илрүүлж чадсангүй. Монгол үлгэрт гардаг шиг “санан санан байж зурсан атал сар нар хоёроо мартаа юу даа” гэх юм алга. Нөгөөтэйгүүр, манай орчин үеийн уран зохиолтой холбоотой, онол, түүхтэй хамаатай олон зүйлийг гадаад, дотоодын судлаачид эндээс олж үзэж, ойлголт авч чадна. С.Буяннэмэхийн 1925 оны өвөл бичиж дуусгасан “Утга зохиолын үүд”-ээс хойших бүх онолын бүтээлийн сайныг тунгаан, саарыг шүүн шүүмжилж, нэгэн мөрд оруулснаараа манай уран зохиолын онол, судлалын нэгэн томоохон амжилт боллоо хэмээн үзэж байна.
Энэхүү нэвтэрхий бичигт олон хэлний гадаад нэр томьёог үүсэл гарал, үгсийн сангийн утгаар нь тайлбарлаж, монгол үгийг оноох шаардлага гарсан бөгөөд энэ ажлыг ч гэсэн чамгүй амжилттай гүйцэтгэсэн гэж хэлж болно.
Д.Галбаатарын эрдэмтэн хүнийх нь нэг онцлог чанар бол аливаа асуудалд их төвч байр сууринаас ханддаг, олон янз үзэл бодлыг хүндэтгэн, тэгшээр авч үздэг, гэхдээ өөрийн үзлийг тууштай хамгаалдаг чанартай билээ. Энэ чанар нь ч гэсэн онолын маргаантай сэдвүүд дээр тусаж харагддаг юм.
Профессор Д.Галбаатар монгол уран зохиолын онолын сэтгэлгээнд дуугарах дуутай, дугуйлах буурьтай мэргэшилтэн болохын нэгэн тод жишээ нь түүний орчин цагийн монгол уран зохиолын аргын асуудлыг шинжлэн боловсруулсан нэгэн сэдэвт бүтээл бөгөөд энэ үзэл концепцоо улам төгөлдөржүүлж, одоох толь бичигтээ тусган оруулжээ. Ийнхүү дуулийн хэмнэлээр эхэлсэн түүний судалгаа туульсын туурвилаар шатлан өргөжиж, уран зохиолын онолын эрт эдүгээх цаг хугацааны алслалыг нийтгэж, орон зайн глобал түвшинд дэвшин гарсныг нотлон харуулахуйц бүтээл боллоо.
Нийгмийн сэтгэлгээний хамгийн сүүл үеийн ололт болох постмодернизмын үүднээс ч, түүний дараа цухалзан буй “пост–постмодернизм”-ын үүднээс ч энэ нэвтэрхий бичиг энэ цаг үеийнхний эрэлт шаардлагад нэгэн хэсэгтээ бүрэн дүүрэн нийцнэ гэдэгт итгэж байна.
Бичгийн хүмүүний хатуужил тэвчээр зааж, олон он жилийг дамнуулан байж, сийлэн үлдээсэн энэ туурвилд үе үеийн уран зохиол судлагч, сонирхогчдын оюуны горилыг хангах болтугай хэмээсэн ерөөлийн сүү өргөе.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн,
ШУА-ийн бага чуулганы гишүүн,
хэлбичгийн шинжлэх ухааны доктор,
МУИС-ийн профессор
С.ДУЛАМ
2011. 11. 24

No comments:

Post a Comment