Monday, 24 February 2014

Д.Галбаатар: Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш



Khulan Sergelen 2013.08.26

Монгол Улсын гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатартай орчин үеийн уран зохиол шүүмж судлалын талаар ярилцлаа.
-Та нэгэнтээ дэлхийн уран зохиолын чиг хандлагыг хүүрнэл зохиол тодорхойлдог гэсэн байна лээ. Учир нь юу вэ?
-Хүүрнэл зохиол нь яруу найргийг бодвол хийсвэрлэл багатай, хүний бодит амьдрал ахуйтай илүү гүн холбогдож, жүжгийн төрлийг бодвол амьдралын өөр хоорондоо нөхцөлдсөн нарийн ширийн нууц руу гүнзгий нэвтэрч, уран сайхны дүрийн зан төрхийг тухайн нөхцөл байдалд нь шинжилдэг онцлогоор нь л хэлсэн. Өнөөгийн дэлхийн уран зохиолын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг хүүрнэл зохиол тэргүүлж байна.
-Монгол ахуйд тохирсон хүүрнэл зохиол байна уу? Түүний ирээдүйг даяаршлын энэ нөхцөлд ямраар төсөөлж байна ?
-Манай уран зохиолд 1990-ээд оноос хойш шилжилтийн үе шатанд яруу найраг тэргүүлэх байранд гарч ирсэн. Өдгөө хүүрнэл зохиолын жанрууд илүү эрчимтэй хөгжих төлөв мэдрэгдэх болжээ. Энэ нь аль ч улс оронд тохиолддог нийгмийн өөрчлөлт, халаа солио, шинэ харилцаанд шилжих үед тод илэрдэг үзэгдэл. Харин сүүлийн арваад жилд хүүрнэл зохиолын салбарт сэргэлтийн шинж тэмдгүүд үзэгдэж байгаа. Гэхдээ бүхэлдээ сайн гэсэн үг биш. Сүүлийн үед хууцчуулаас Д.Норов, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр зэрэг зохиолчдын бичлэг сэтгэлгээ нэлээд залуужиж, залуу үеэс Г.Аюурзаны тууж, романы араас хэсэг залуус аятайхан тууж, өгүүллэгийн номууд гаргасаар байна.